Их Британийн уулчин Кентон Кул дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестийн оргилд ням гарагт 16 дахь удаагаа гарснаар өөрийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, энэхүү оргилд хамгийн олон удаа гарсан гадаадын уулчин боллоо гэж түүний экспедицийг зохион байгуулсан компани мэдээлжээ.
"К.Кул болон гадаадын хоёр уулчин, таван шерпа /газарчин/ Эверест уулын оргилд ням гарагт 05:25 цагт хүрсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр оргилд хамгийн олон удаа гарсан гадаадын уулчны амжилтаа шинэчилсэн” гэж "Himalayan Guides Nepal” компанийн ерөнхий менежер Исвари Пудель "Xinhua” агентлагт мэдээлсэн байна.
Өдгөө 48 настай К.Кул нийгмийн сүлжээний хаягтаа, "энэхүү уулын оргилд 16 дахь удаагаа гарсан нь шерпа бус хүний хувьд дээд амжилт боллоо” хэмээн нийтэлжээ. Тэрбээр 2013 онд Эверест /8848.68м/, Лхоце /8516м/, Нупце /7861м/ ууланд нэг улирлын дотор гарсан анхны уулчин болж байжээ.
Тавдугаар сарын 7-ны өдөр Балбын алдарт газарчин Ками Рита шерпа Эверест ууланд 26 дахь удаагаа авирснаар дээд амжилтыг тогтоосон байна.