Япон улс ирэх сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд Фумио Кишида пүрэв гарагт мэдэгдлээ.
Тодруулбал, тэрбээр хэлэхдээ "хүн хоорондын идэвхтэй харилцаа нь эдийн засаг, нийгмийн үндэс суурь болж байдаг. Бид 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадын бүлэг жуулчдыг хүлээн авч эхэлнэ” гэв.
Мөн тус улс 6 дугаар сараас эхлэн Хоккайдо муж дахь "New Chitose Airport” болон Окинава мужийн "Naha Airport” нисэх онгоцны буудлуудад олон улсын нислэг хүлээн авах бэлтгэл ажлыг тун удахгүй эхлүүлэх аж.
Фумио Кишида хэлэхдээ, "өдөрт хилээр нэвтрэх хүний тоог хоёр дахин нэмэгдүүлж 20 мянгад хүргэх ба цар тахлын тархалт багатай бүс нутгуудын зорчигчид тус улсад очоод шинжилгээнд хамрагдах шаардлагагүй” гэв.
Японы Засгийн газар энэ оны 3 дугаар сараас эхлэн хилийн хяналтын арга хэмжээг сулруулж, бизнес эрхлэгчид, олон улсын оюутнууд зэргийг хүлээн эхэлсэн бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлж байна.