Дэлхий дахинаа сайн туршлага болон түгээгдэж буй Эстони Улсын E-Estonia https://e-estonia.com/ цахим системийг Монгол Улсад E-Mongolia https://e-mongolia.mn/home хувилбараар нутагшуулаад байна.
Үүнийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай хүргэж, төвлөрөл, түгжрэлийг сааруулан, цаг, зардлыг хэмнэж, мэдээллийн ил тод, нэгдсэн дата баазтай, хүртээмжтэй байдлыг хангаж, авилгаас ангид байлгаж, улс орныхоо өрсөлдөх чадварыг сайжруулж, ард түмнийхээ тав тухтай амьдрах орчныг дээшлүүлэх юм.
Энэ туршлагын талаар Бүгд Найрамдах Эстони Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул хатагтай Л.Хулан "Европын өдөрлөг” үйл ажиллагааны үеэр Эстонийн асраар зочилсон хүмүүст, ялангуяа хүүхэд, залууст IT-ийн чиглэлээр суралцах боломж, бололцоо, бизнес эрхлэгчдэд Е-Засаглал, Е-Сонгууль, E-Боловсрол, Е-Эрүүл мэнд, E-Иргэншил, E-Үндэстэн бий болгосноор улс эх орны эдийн засаг, бизнесийн хөгжлийг шинэ түвшинд, бага зардлаар, илүү үр бүтээмжид суурилан ажиллуулах боломжтойг танилцуулж байв.
Жил бүр зохион байгуулагддаг "Европын өдөрлөг”-ийн үеэр олон хүний анхаарал татсан зүйл нь цахим болсон Эстони улсын тухай мэдээлэл, тус улсын туршлагыг нутагшуулж буй E-MONGOLIA хувилбарын тухай байлаа. 1.3-хан сая хүн амтай Эстони улс нь улсын хөгжил, эдийн засгаараа Европын Холбооны улс дотроо толгой цохиж байгаа нь төрийн үйлчилгээгээ цахимжуулж бүх нийтээр цахим засаглалаараа тэргүүлэгч болж чадсаных аж.
Гучин жилийн өмнө ЗХУ задарч, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжихэд улс бүр биеэ дааж, Эстони улс нь Монгол Улс шиг замналаар замнасан ч улсаа бүхэлд нь цахим систем рүү шилжүүлснээр богино хугацаанд мэдээлэл, технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч орон болжээ.
Одоогоор "e-Mongolia” системд 18 аймгийн 1129 үйлчилгээг нэгтгэж, цахимаар авах боломж бүрдүүлээд байгаа.