Нийслэлийн Засаг даргын захирамжаар Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжийг буулгаад байгаа. Энэ газрын тохижилтыг 8 дугаар сард дуусгахаар төлөвлөөд байна.
Тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Газар эзэмшигч "Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, бүтээн байгуулалт хийх "Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуусын хөдөлгөөний гишүүд тус газарт ажиллав.
Д.Сумъяабазар энэ үеэр, "2021 онд Дугуй цагаан орчмын тохижилттой танилцахад иргэд ногоон байгуулж бүхий амралт зугаалгын орчин байгуулах хүсэлт тавьсан. "Энигма” компанийн удирдлагатай аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах шаардлага тавьж, хамтран ажиллах боломжоо илэрхийлсэн. Тухайн үед цар тахал, эдийн засгийн байдал, ачаа тээвэрлэлтийн удаашралаас хүндрэл үүссэнийг ойлгож байна. Нэгэнт хөрөнгөө зарцуулж, барилга байгууламжаа барьчихсан хувийн хэвшилтэй аль болох ойлголцохыг хичээж байна. Хувийн өмч нь хуулиар хамгаалагддаг учир гомдол гарч байгаа ч ард иргэдийн хүсэлтийг сонсож, асуудлыг шийдэх нь чухал. Хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлж, тохижуулна. Бизнесийг дэмжин, засаж сайжруулахад хувийн хэвшилтэй хамтран ажиллана” гэв.
"Энигма” ХХК, МҮИС-ийн захирал Л.Мөнхбат тус газрыг эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлалын зориулалтаар ашиглах хүсэлтэйгээ илэрхийлээд, тохижилттой холбоотой хот, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол, зөрчил үүсэхгүй. Иргэдийн ая тухтай байх эрхийг хангахаас өөр хүсэх зүйл алга” хэмээжээ.
"Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуусын хөдөлгөөний гишүүн, архитектор Ү.Идэрхангай ярихдаа, "2019 оноос Улаанбаатар хотын орон зайг бүтээлчээр сайжруулах залуус санаачилгаараа хөдөлгөөн өрнүүлсэн. Цар тахлын 2 жил завсарлаад 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүллээ. Нийслэлээс Дугуй цагаан орчмын тохижилтод хамтарч ажиллах санал тавьсан. Бид 7 хоногийн турш олон нийтээс судалгаа авснаар өмнөх зураг төслийг сайжруулсан. Дархан цаазат газрын угтах хэсгийн байгууламжид харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлүүлэх талбайг төлөвлөсөн. Дархан цаазат газарт барилга байгууламж, ариун цэврийн өрөө барих боломжгүй тул үүдний хэсэгт эдгээрийг төлөвлөлөө. Усны урсгалын голдрилыг хадгалсан гүүр, тоглоомын 2 талбай байгуулна. Эдгээр талбай модон хийцтэй, тухлах саравч, амрах талбайтай байх юм. Мөн уулын замд амралтын 5 өртөө бий. Дугуй цагаанд залууст зориулсан модоор хийсэн, эко задгай театр төлөвлөсөн. Үүнийг экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байгалийн модоор хийнэ” гэсэн юм.