Өмнөговь аймгийн Засаг даргын 987 тоот захирамж, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 16/171 удирдамжийн дагуу МХГ-ын дарга Д.Мөнхтулгаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 14-15 ны өдрүүдэд Цагаан хаданд ажиллаж гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Цагаан хаданд гаалийн хяналтын бүсүүдийн үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад хийсэн шалгалтын дүнг танилцуулж, зөрчил, дутагдлыг арилгуулах талаар зөвлөмж, чиглэл өглөө.
Илэрсэн зөрчлийн ихэнх нь гаалийн хяналтын бүсүүд байгаль орчны хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хангалтгүй ажиллаж байгаа төдийгүй хууль бусаар газар авсан, газраа хууль бусаар сунгасан зэрэг ноцтой зөрчлүүд байгааг аймгийн МХГ-ын газраас анхаарууллаа.
Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Цагаан хаданд хууль бусаар олгогдсон "Хар алтан уул” ХХК, "Мөнх түшиг транс” ХХК, МОЗУТ ХХК ний газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна. Цаашдаа аймаг, орон нутгийн зүгээс гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэж буй аж ахуйн нэгжүүдийг байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, ажилчдынхаа эрүүл мэндийн асуудал онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож, Цагаан хадны дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтанд аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.