Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийхээр төлөвлөн ажлаа эхлүүлээд байна.
Тодруулбал, энэ амралтын өдрүүдэд Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/, Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/, Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн 3 байршилд авто замын хучилт хийх юм байна.
Тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны 23.00 цагаас 20-ны 06.00 цаг хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд, Н.Содномын болон Ж.Батмөнхийн гудамжны авто замд 2010 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчлэх юм.