Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар "Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлнэ. Төсөл нь "Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн гэсэн 3 төслөөс бүрдэх юм.
Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх, 10 мянга гаруй га талбайг эзлэх энэ төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнан хэрэгжих юм. "Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх нь ач холбогдолтойг мэргэжилтнүүд тодотгож байна. Төсөл хэрэгжүүлэх талбарт хөнгөн хийцтэй барилга байгууламж, үйлдвэрүүд оршдог. Нийслэлийн удирдлагууд төслийн хүрээнд байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн газарт ажиллаж, Драгоны уулзвараас Нүхтийн уулзвар хүртэл барих босоо тэнхлэгийн замын трасстай танилцах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Дүүрэг бүрд иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа”-г онцоллоо.
Тэрбээр, "Энэ талбарт эхний ээлжид 30 га, дараа нь 70 га, нийт 100 орчим га талбайд ногоон байгууламж бүхий Ард түмний цэцэрлэгт хүрээлэнг байгуулна. Үндэсний томоохон бүтээн байгуулалтыг хот бодлогоор дэмжиж байгаа. "Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г удахгүй Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ. Хотын дараагийн 30 жилийн төлөвлөгөөний алдаа, оноог хэлэлцүүлж батлуулах ажил биднийг хүлээж байна. Нийслэлийн баруун бүс Яармаг, Нисэх, Сонсголон, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Өнөр бүс, Өнөр хорооллын арын дэнж, 22-ын товчооноос эргээд Сонгинохайрхан уулын бэлийг багтаасан 10 мянга гаруй га талбарт нийт 800 мянгаас нэг сая хүн амьдран суух хотын төлөвлөлт хийсэн. Энэ хотод хонгилын систем байгуулахаас аргагүй. Бид шинэ хотын тохижилтын хамгийн түрүүнд хийх босоо чиглэлийн авто замын трассыг үзэж байна. Энэ нь Яармаг орчмын түгжрэлийг бууруулахын дээр автобусны том терминал байгуулахад дөхөм болох зам” гэжээ.
Шинээр барьж байгуулах 5.5 км авто замын трасст аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газрыг аль болох хөндөхгүй байх талбарыг сонгосны дээр хувийн хэвшлийн санаачилгаар баригдах аж.
"Драгон холдинг” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярт энэ үеэр "Улаанбаатар хотод орхигдсон сул газар багагүй бий. Тэдгээрийг дахин төлөвлөж, бүтээн байгуулах нь оновчтой юм. ТЭЦ-3, ТЭЦ-4 орчмын энэ газар эрчим хүчний эх үүсвэртэйгээ ойр хамгийн үнэ цэнтэй байршлын нэг ч дэд бүтцийн дутагдалтай. Иймд хотын төвийн төвлөрлийг задалж, Яармаг, Нисэх чиглэлийн авто замын ачааллыг багасгах үүднээс босоо тэнхлэгийн зам барих санаачилгыг манай компани гаргаж байна. Яармагийн Нүхтийн уулзвараас Геологийн төв лаборатори хүртэлх 5.5 км авто замын трассыг зурлаа. Энэ орчныг иргэд амарч зугаалдаг, ая тухтай цэцэрлэгт хүрээлэн болгох санаачилгыг ч дэвшүүлж байгаа” хэмээсэн байна.
Гурван дүүрэг дамнан 600 га гаруй талбайг эзлэн байгуулах Ард түмний цэцэрлэгт хүрээлэн нь 10 хэсэгтэй. Эхний ээлжинд 35.38 га талбайг тохижуулахаар төсөлд тусгажээ. Хэсэг тус бүр ландшафт архитектурын шинэлэг шийдэлтэй байх аж.