БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит энэ сарын 3-5-нд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.
Монгол Улс, БНАЛАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг түүнийг урьжээ. Энэ айлчлал нь БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2002 оноос хойш, хорин жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм.
Монгол Улс АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход лаосын талын дэмжлэгийг авахад чухал ач холбогдолтой аж.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нар БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-ийг хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно гэж ГХЯ-наас мэдээлэв.