Mөнгөний нийлүүлэлт (M2) 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4 (15.2 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд валютын харилцах 2.7 (2.2 дахин) их наяд, валютын хадгаламж 1.6 (38.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 103.7 (1.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 1 (19.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Бага мөнгө (M1)-ний 5.6 (85.9 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 919.2 (14.1 хувь) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Бараг мөнгө 2023 оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 23.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 625.7 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (14.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Бараг мөнгөний 12.9 (54.6 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 5.8 (24.4 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 5 (21 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 2 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 208.1 (20 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 208.8 (20.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Гадаад цэвэр актив мөн хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 3.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 83 (2.4 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (90.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Дотоод цэвэр актив 26.7 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 439.1 (1.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.3 (9.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн аж.