Монгол Улсын Засгийн газар 2012 онд идлэг шонхорыг үндэсний бахархалт шувуугаар зарласан. Мөн үндэсний бахархалт шувуутай болсон дэлхийн 88 дахь орон болж бүртгэгдсэн билээ. Иймд шонхор шувууг Монголын ард түмний түүх соёл, эрч хүч, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн билэгдэл болгох, шонхор шувууг зүй бус хорогдол, худалдаанаас хамгаалах арга хэмжээг санаачилж хэрэгжүүлэхийг нийт иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид хандан уриалсан нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр. Гэсэн ч "Засгийн газрын нууц тогтоол”-оор халхавчлан идлэг шонхорыг гадагш гаргасаар ирэв. Үүнээс үүдэн үндэсний бахархалт шувууны тоо толгой цөөрөх аюул нүүрлээд удаж байна. Шонхор шувууг өгч авалцдаг "нууц” гэх нэртэй нийтэд мэдэгддэггүй хууль зөрчсөн тогтоол, журмуудыг хэрхэн гаргаж, яаж хэрэгжүүлдэг байсныг хүргэе.
Манай улс анх 1993 оноос идлэг шонхор шувууг арабуудаар бариулж гадаадад гаргаж эхэлсэн байдаг. Ингэхдээ гадаадад гаргах шонхорын тоог Амьтны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3-т заасны дагуу Засгийн газрын тогтоолоор жил бүр ил тод баталдаг байв. Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлд ан амьтан, загас, шувууг ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай гэсэн гурван зориулалтаар агнаж, барьж болно гэж заасан байдаг.
Засгийн газрын нууц тогтоолын талаар 2016 оны хавар "Үндэсний бахархалаа наймаалцсан нууц тогтоолын эрэлд” гэсэн нийтлэл хэвлэлд гарч байсан удаатай. Түүнд гадаадад гаргах шонхор шувууны тоог нууцлах болсныг шүүмжилж, энэхүү алдаагаа засахыг салбарын сайдаас шаардсан байдаг.
Кувейт, Саудын Араб, Эмират, Катар, Бахрейн зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн оронд гаргах шонхорын тоог 1993 оноос эхлээд л Засгийн газраас ил тод тогтоож төлбөр, хураамжийг нь төсөвтөө бүрэн төлүүлчихээд гаргасаар ирсэн баримт бий. Ийм байдалтай 27 жил ямар нэгэн зориулалт заахгүйгээр экспортод гаргасан атал БОАЖЯ-ныхан 2015 оноос эхлэн Соёлын зориулалтаар эсвэл бэлэг нэрээр гаргаж байна гэдэг болсон.