Шинэ Зеландын Веллингтон хотноо Монголын теннисчид хоёрдугаар сарын 4-8-нд болох эмэгтэй теннисчдийн багийн хамгийн том тэмцээн болох "FED CUP” дэлхийн цомын тэмцээний Ази болон Далайн орнуудын бүсийн II хэсгийн тоглолтод оролцож байна.
Тэмцээнд оролцох багууд 5 ангилалд /дэлхийн 1, дэлхийн 2, тивийн бүс 1, тивийн бүс 2, тивийн бүс 3/ эрэмбэлэгддэг. Тэмцээний ерөнхий зарчим нь ангилал тус бүртээ сайн тоглосон багууд дээшээ шат ахих эсвэл доош унах байдлаар тоглоно.
Монголын теннисчид энэ нэр хүндтэй тэмцээнд түүхэндээ анх удаагаа орж байгаа юм. Ази болон Далайн орнуудын бүсийн хоёр хэсгийн тэмцээний "А” зоонд Пакистан, Шинэ Зеланд, Сингапурын шигшээ багтай оноолт таарсан байна. Энэхүү тэмцээнд А.Жаргал, Э.Эрдэнэсүрэн, Б.Шинэжаргал, Э.Болор нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг эхний тоглолтоо Пакистаны багтай хийнэ.