"Нинжа” нар уурхайн эзэмшил рүү яг л спикер мэт дайрч, тусгайгийнхан шиг хамгаалалтын албаныхныг "сөхрүүлжээ”
Компанийн хамгаалалтынхан хэдийгээр хүч нэмэгдүүлсэн байсан ч ачааны болон том оврын жийп, мөн суудлын 70 орчим автомашин, 200 гаруй хүний дайралтыг зогсоож дийлээгүй байна
Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Эрүүгийн цагдаагийн алба, Төв аймаг дахь Цагдаагийн газрын нийт 35 алба хаагч Төв аймгийн Сүмбэр сумын нутагт ажиллагаа явуулсан. Тодруулбал, "Альтаир гоулд” ХХК-ийн "Баруун тахилт” гэх газарт МV-020838 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хууль бус гар аргаар алт олборлодог, 300 орчим тээврийн хэрэгсэлтэй мянгаад иргэдийг хүчээр тараасан юм. Ингээд "Альтаир гоулд” ХХК-ийн удирдлагуудад хамгаалалтын албаа өндөржүүлэх үүрэг өгсний дагуу компанийнхан 20 ажилтан, гурван автомашинаар хүч нэмэгдүүлсэн байна. Гэвч нэгдүгээр сарын 30, 31-ний өдөр "нинжа” нар дахин дайрч, ажилтнуудыг гэмтээн, машин машинаар шороо дээрэмдсэн хэрэг гарчээ. Компанийн хамгаалалтынхан хэдийгээр хүч нэмэгдүүлсэн байсан ч ачааны болон том оврын жийп, мөн суудлын 70 орчим автомашин, 200 гаруй хүний дайралтыг зогсоож дийлээгүй байна. Тулгаралтын явцад олон хүн бэртэж, хамгаалалтын албаны дарга хутгалуулсан ноцтой хэрэг гарсныг нууцалж байна. Гар аргаар алт олборлогчдыг бичил уурхай эрхлүүлж, нөхөрлөл хоршооны зохион байгуулалтад оруулан, нөхөн сэргээлт хийлгэх, тодорхой хэмжээний татвар төлдөг болгох зэргээр төрийн зохицуулалт хийснээр "нинжа” нарын түрэмгийлэл харьцангуй намжсан байлаа. Гэтэл өнгөрсөн онд төрийн нэг өндөрлөг нь тусгайгийнхнаа урдаа бариад, уурхайн хамгаалалтын албаны ажилчдын гарыг мушгин, газар хэвтүүлэн дайрч орсноо ил цагаан үзүүлж, олныг гайхашруулсан. Төрийн шийдвэрийг гүйцэтгэсэн гэх боловч түрэмгийллийг дэврээсэн дээрх үйлдлийн горыг одоо амсаж байна гэхэд буруудахгүй. Шударга ёс тогтоож, хууль сахиулах зорилготой ч гүйцэтгэх ажиллагаа буруу явуулсныг шүүмжлээд өнгөрсөн. УИХ-ын дарга нь хүртэл дайрч орж болдог юм чинь алтны төлөөх аянд мордсон хууль бус олборлогчид аль ч хувийн хэвшил рүү хүч түрэн дайрч болно гэх ойлголт төрүүлсэн нь харамсалтай. Тэд арав гаруйхан хоногийн өмнө цагдаагийн бүрэлдэхүүнд "хөөгдөж”, техник хэрэгслээ хураалгасан хэрнээ хууль бус үйлдлээ дахин давтаж, ил цагаан дээрэм хийж байгааг хэн, хэрхэн зогсоох вэ.