Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын улмаас нефть олборлогч томоохон орнууд олборлолтынхоо талаар хэлэлцэхэд хүрчээ. "Brent” маркийн нефтийн үнэ пүрэв гарагт сул хэвээр байж, нэг торх нь 54-56 ам.долларт хүрсэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, вирусний тархалтаас үүдэлтэй эдийн засгийн нөлөөллийн улмаас зөвхөн Хятадад /нефть импортлогч томоохон орнуудын нэг/ төдийгүй дэлхий даяар нефтийн эрэлт буурч болзошгүй ажээ.
Пүрэв гарагт өндөрлөсөн ажлын түвшний уулзалтад "ОПЕК+”-ийн гишүүд болон ОХУ тэргүүтэй холбоотон орнуудын төлөөлөгчид оролцжээ. Өрнөдийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, уг уулзалтын үеэр зарим төлөөлөгч өдөрт олборлох нефтийг 600 мянган торх болгон бууруулах санал гаргасан байна.
Харин ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдэхдээ, зах зээлд үзүүлэх коронавирусний тархалтын нөлөөллийг судлахад илүү их цаг хугацаа шаардлагатай бөгөөд ОХУ ямар шийдвэр гаргахаа хараахан шийдээгүй байна гэжээ.
ОХУ-ын байр суурийг харгалзан үзэхэд нефтийн олборлолтыг ойрын хугацаанд бууруулах төлөвгүй байна хэмээн ажиглагчид үзжээ. Үүнтэй холбоотойгоор Хятад, Азийн орнууд руу нефтиэ экспортолдог Саудын Араб, Персийн булангийн орнуудын эдийн засагт илүү их хохирол учирч магадгүй байна.