БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хороо "2019-nCoV” коронавирусний дэгдэлтийн талаар анх мэдээлсэн, мөн өөрөө халдвар авсан эмч Ли Вэнлиань нас барсан холбогдуулан болон түүний анхааруулгыг орон нутгийн удирдлагууд үл тоомсорлосон эсэхийг шалгах зорилгоор хянан шалгах багаа Хубэй муж руу илгээхээр болжээ.
"Төв Засгийн газар эмч Ли Вэнлианьтай холбоотой нөхцөл байдлыг нарийвчлан шалгах багийг Хубэй муж болон тус мужийн засаг захиргааны төв Ухань хот руу илгээх шийдвэрийг гаргалаа” гэж Сахилга батыг хянан шалгах хорооны цахим хуудсанд нийтлэгдсэн товч мэдэгдэлд дурдсан байна.
Ли Вэнлиань бол "2019-nCoV” коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний дэгдэлтийн талаар анх анхааруулсан найман эмчийн нэг юм. Тэрбээр уг вирусний халдвар авсны улмаас баасан гарагт шилжих шөнө нас баржээ. Тэрбээр "SARS-тай төстэй" шинэ өвчин дэгдсэн талаар "WeChat” сүлжээнд 12 дугаар сарын 30-нд анхааруулсан байна. Мужийн хууль сахиулах байгууллагууд тэр даруйд нь хариу арга хэмжээ авж, түүнийг цуурхал тараасан гэж буруутгажээ.