- Хэрэв халдвар буурвал хүмүүс энэ сарын 14-нөөс ажилдаа гарах боломжтой
Хятадын медиа корпорац Оросын "Россия сегодня” агентлагтай хамтран Уханийн оршин суугчдын дунд санал асуулга явуулж, 2019-nCoV вирусээс шалтгаалсан хөл хорионы нөхцөл байдалд хэрхэн амьдарч байгааг тодруулжээ. Нутгийн иргэдийн ярьснаар халдвараас сэргийлэх зорилгоор хүмүүс онц шаардлагагүй бол гэрээс гарахгүйг хичээж байна. Зайлшгүй хэрэглээний зүйлс худалдан авахаар гарах хэрэгтэй бол амны хаалт зүүж, битүү орчинд удаан байхаас зайлсхийнэ. Албан газрууд ажилтнуудынхаа дархлааг дэмжихийн тулд Хятадын уламжлалт анагаах ухааны эм олгож байна. Орон сууцны хороолол дахь жижиг дэлгүүрүүд хаагдсан тул зарим гэр бүл хүнсээ тусгай аппликейшнээр захиалж байгаа аж. Хүргэлтийн ажилтнууд захиалгыг айлын үүдэнд аваачилгүй хорооллын хаалганы ойр үлдээнэ. Үүнээс гадна хотын бараг бүх компани ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрчээ. Асуулгад оролцогч нэг эмэгтэй "Үнэн хэрэгтээ интернэтээр олон зүйл хийж болно. Ингэснээр контактаас зайлсхийж, халдварын эрсдэлийг бууруулна. Компанийн удирдлага ажилтнууд ба тэдний гэр бүлийн эрүүл мэндийг байнга асууж байгаа” хэмээн өгүүлэв. Хэрэв халдвар буурвал хүмүүс энэ сарын 14-нөөс ажилдаа гарах боломжтой. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 37 мянгад хүрээд байна.