"Муу хүний дуу чанга” гэж хуучны үг бий. Одоогийнхоор бол УИХ-ын гишүүн Ж.Батзанданд зориулсан үг юм уу даа. Шударга нийгмийн төлөө хэмээн цээжээ дэлдэж чанга дуугаран, алхах, гишгэх бүрээ улстөржүүлдэгч түүнийг олон нийт гудамжны жагсагчаас УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн хэмээн ихэд хүндэтгэдэг.
Харамсалтай нь мань хүн ёстой л олны хайр, хүндлэлийг даах байтугай бүр ар хударгаар нь улстөрийн карьераа арилжаа наймаагаар зохион байгуудаг болох нь ил боллоо. Ж.Батзандан УИХ-ын гишүүн Лу.Болдтой "сүжрэн” улстөрийн тогоонд хамтрагч болсон нь цаагуураа өөр учгаар нэгдсэн болох нь саяхан задарсан ярианы бичлэгээс илэрхий.
Тэднийг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэх кноп дарж, намаасаа урвасан гэдэг. Тэгвэл хөлсөнд урашуулал болгон уул уурхайн лицензүүд авчээ. Үүнийгээ хятадуудад борлуулж, намынхаа санхүүжилтийг босгох гэж буй талаар ярьж байгаа нь бичлэгт үлджээ.
Яриаг нь сийрүүлбэл: Солонгос рестораны вип өрөөнд орчихсон. Газрын тосны газрын дарга ирнэ. 4-5 Хятад хүн байна. Манайхан орно. 7-9 хүн энэ өрөөнд орж ярьсан нь дээр байх....”, "...Зочид хүрээд ирсэн та нар хурдлаарай. Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэнг өрөөнд дуудсан байгаа. Түүнээс өмнө Энхбат, та нар уулзалтаа хий. Дараа нь Газрын тосны газрын дарга Л.Раднаасүрэн, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нартай юу ярих вэ гэдэгт зөвлөөрэй” хэмээсэн байгаа юм.
Товчхондоо авлигал албан тушаал, лицензийн наймааны асуудлаа түргэтгэн, намынхаа санхүүжилтийг тийн ярьсан гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд дэмжлэг үзүүлсний төлөөх урамшуулал учраас төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан ч гэж харж болохоор. Юутай ч УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн энэхүү яриаг дэлгэрүүлэн АТГ болон Тагнуул, Цагдаагийн байгууллагууд эрүүгийн шинжтэй эх орноосоо урвасан гэмт хэрэг мөн эсэхийг шалгах биз ээ.
Шударгын дүрээр олон танигдахдаа чанга дуугарсаар ирсэн Ж.Батзандангийн хувьд энэ удаагийн ярианы бичлэг нь ганц удаагийнх биш гэдгийг олон нийт санаж байгаа. Өмнө нь ч мөн хятадуудтай холбоотой, визний наймаа, ахыгаа албан тушаалд томилогдон очиход бусдад захьж байгаа зэрэг нь дэлгэгдэж байсан. Яг л түүнтэй адил үйл явц өрнөж.
Өчигдөр энэхүү бичлэг ил болмогц тэрбээр УИХ-ын гишүүн Лу.Болдтой хамт АТГ, УЕП, ЦЕГ зэрэг хууль хүчний байгууллагынхантай уулзах үеэрээ баахан чанга дуугарч загнаж байна билээ. Уг нь дээрх албан тушаалтнуудыг Төрийн өндөр албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дуудсан байдаг. Харамсалтай нь хэлэлцэн, санал солилцох бус адгаж, загнан өөрийгөө хүчтэй, хүндэт хүн болохыг "гайхуулсан” нь анхаарал татаж байлаа.