АНУ-ын Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг "Токио-2020” Олимпын наадамд оролцохоор шигшигдэн үлдсэн 44 тамирчны нэрийг даваа гарагт танилцуулжээ. Үүнд 2004, 2008, 2012 оны Олимпын наадамд оролцсон, Олимпын наадмын хошой аварга ЛеБрон Жеймс багтжээ.
Шигшигдэн үлдсэн тамирчдын дунд Олимпын наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 31 алтан медаль хүртсэн 19 тоглогч байгаа бөгөөд тэдний 9 нь 2016 онд Рио-де-Жанейро хотноо болсон Олимпын наадамд оролцсон байна.
Л.Жеймс АНУ-ын үндэсний шигшээ багийн 68 тоглолтод оролцсон бөгөөд Риогийн Олимпыг янз бүрийн шалтгааны улмаас өнжжээ. Тэрбээр "Токио-2020” Олимпод оролцохыг эрмэлзэж байгаа нь Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грегг Поповичийн удирдлага дор тоглох хүсэлтэй байгаатай мөн холбоотой ажээ.