Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Тэр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших сонгуульт ажилдаа анхаарлаа хандуулахгүй бол гуравхан сар үлдчихлээ гэдгээ хэлж байна билээ. Гэхдээ тэр олны хардаад байгаа шиг АН-ын дарга болохгүй. Намынхаа сонгуулийн төв штабыг ч удирдахгүй.
Угаасаа өнгөрөгч 2016 оны сонгуульд намаа толгойлж ороод нам тавиулчихсан юм чинь гишүүд нь ч дургүйцэх биз. Өөрөө харин АН-ын дарга С.Эрдэнийн албан бус зөвлөхөөр энэ оны эхний өдрөөс ажиллаж эхэлсэн гэдгээ хэлсэн. З.Энхболд өмнөх сонгуульд намаа ялагдалд хүргэсэн учраас ажлаа өгч, хариуцлагаа хүлээсэн. Тиймээс энэ одоо тэр тухай яриад ч хэрэггүй гэсэн янзтай зогсох нь ихэд "баавар”-тай загнаж байна даа гэхээс өөр бодол төрүүлсэнгүй.
Тэгээд ч унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр мань хүн үгийнхээ завсарт "Сонгуулийн өмнөх саруудад рейтинг харьцангуй гайгүй байсан. Аль нэг нам нь УИХ-д 65 суудал авах тийм шинж тэмдэг байгаагүй.Сонгуулийн эцсийн өдөр "Эрдэнэт үйлдвэр”-ийг Худалдаа хөгжлийн банканд өгснөөс болоод бид ялагдсан” гээд буруу нь надаас биш бусдаас болсон гэдэг санааг цухалзуулаад өнгөрсөн.
Тэгвэл ирэх сонгуулиар "Эрдэнэт үйлдвэр” мэтийн томоохон худалдаа, луйварт АН холбогдчихгүй бол ялалт байгуулна гэсэн үг үү. Эсвэл З.Энхболд ялагдлын тактик мэддэг учраас АН-ын даргадаа зөвлөж, ялалт байгуулах уу.