Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс коронавирусын талаар худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаж буйтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Олон нийтийн цахим сүлжээнд "COVID-19” буюу "Шинэ Коронавирус”-тай холбоотой баттай эх сурвалжгүй мэдээ, мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, хуурмаг үнийн өсөлтийг бий болгох зэрэг сөрөг нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иргэн, хуулийн этгээдийн энэ үйлдэлд хуулиар олгосон чиг үүргийн дагуу Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан шийдвэрээр хяналт тавьж эхэлсэн бөгөөд цаашид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл тарааж буй иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх болно.
Иймд иргэн та цахим орчинд хариуцлагатай хэрэглэгч байж үндэслэлгүй мэдээллийн талаар цаг алдалгүй мэдээлж, хамтран ажиллана уу.
Жич: Хуурамч мэдээлэлд дараах "hashtag” ашигласнаар бид нарийвчлан нягтлах боломжтой.
#Тагнуулын_ерөнхий_газар
#Цагдаагийн_Ерөнхий_Газрын_Хэвлэл_Мэдээллийн_Төв