Говь-Алтай аймгийн нутагт орших "Ээвийн гол”-ын мөсөнд шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрчээ. Хэрэг тус аймгийн Шарга сумын "Ээвийн гарам” гэдэг болсон байна. Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд иргэн Ж жолоодож явсан ”Хюьндай Эйч Ди 250” загварын 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин "Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон ИНЕГ-ын харьяа "Алтай нисэх буудал”-ийн нийт 10 хүн 85 км замыг туулан очиж гурван цаг 35 минут ажиллан автомашиныг татаж гаргажээ. Түүнчлэн ОБЕГ-аас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.