Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр зарим эмнэлгийн байгууллагад ажилласан. Энэ үеэр Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.
Шинэ коронавирусын голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусын халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.
Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лаборатид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитой яг ижил төвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.
ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулаад байгаа юм.