Монголын хууль гурав хоног гэж үг бий. Түүнтэй адил монголчуудын санах ой ч уужим сэтгэл шигээ биш бололтой. Жил гаруйн өмнө л шүүхийн байгууллагаар шалгагдаж явсан хүн өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөцөглөж явна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг эрүүгийн хэргийн сэжигтнээр хоёр жил гаруйн хугацаанд шалгаж, шүүхийн байгууллагын дамжлагаар явсаар түүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан.
Түүнийг 2012-2015 оны хооронд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа 1.141.800.000 төгрөгөөр 344.8 м.кв талбайтай зургаан өрөө орон сууц, хоёр автомашины зогсоолыг багын найз Ж.Гантөгсийн нэр дээр худалдан авсныг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, эхэлсэн байдаг. Үндсэндээ АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа өөрийн хууль ёсны орлогоос хэт давсан эх үүсвэрээр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан, хөрөнгө орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байсан. Гэвч гурван шатны шүүхээс Р.Эрдэнэбүрэн нарыг "Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу гэмт хэргийн шинжгүй” хэмээн дүгнэж, цагаатгасан байдаг.
Түүнээс хойш "аниргүй” байсан Р.Эрдэнэбүрэн орон нутагт, тойргоо усалж явсан ажээ. Тэрбээр Дундговь аймгийн Гурвансайхан суманд "Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэд, малчдын оролцоотойгоор шинэ бүтээн байгуулалтыг өрнүүлсэн аж. Үүнийх нь хариуд малчид нэгдэж УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхээд байгаа Р.Эрдэнэбүрэнгийн санхүүжилтийг 100 сая төгрөгийг "босгон” АН-ынханд хүлээлгэн өгсөн байна. "Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэж энэ дээ. Р.Эрдэнэбүрэн өмнө нь хэн ч байсан хамаагүй нутаг орныг нь бага ч атугай өөд нь татсан л бол хариуг нь өгөхөөс ч яах вэ. Харин мань хүн парламентын гишүүн болоодохвол тойргоо мартчихгүй эргэх холбоотой л байгаасай даа.
Яг энэ жишгээр олон хүн улстөрд эргэн ирэх магадлалтай. Төрийн өндөр алба хашиж байх үедээ ашиг сонирхолдоо хөтлөгдөн, авлига авахаас эхлээд, албан тушаалаа ашигласан нь илэрхий болсон олон хүний хэрэг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын шатанд яваа. Хөөн хэлэлцэх хугацаагаар ч зарим халхлагдаж өнгөрчих гээд сонгуульд "өрсөлдөгч”-ийнхөө цөсийг агшаах болсон билээ.
Erennews.mn