Анагаахын шинжлэх ухаанд өвчнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг чухалчлан үздэг, ингэж ч ажилладаг. Яг үүнтэй адил эдийн засгийн бодлого сайтай, мэргэшсэн эдийн засагчтай улсуудын хувьд хямралын дараа гэхээс илүү хямралаас сэргийлэх, хүндрэлийг угтсан, болзошгүй хохирлыг багасгах арга хэмжээ авдаг. Коронавирус тархсаны улмаас дэлхийн олон улсад онцгой байдал тогтоож зарим олон нийтийн болон бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, хилийн хориг тавих арга хэмжээ авсан нь эдийн засагт ихээхэн хохирол учрах нөхцөл үүсээд байна. Хятад, Япон, Тайвань, Малайз, Шриланк улсад үүссэн нөхцлийн улмаас эдийн засагт учирч болох хохирлыг тооцон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аваад эхэлсэн. Хятад, Япон, бүр АНУ, Европын төв банк бодлогын хүүгээ удаа дараа бууруулан мөнгөний хомсдол үүсэх, аж ахуйн нэгж, бизнесүүдийг зээлийн хүүгийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ авав. Коронавирусын голомт Хятад улсын хувьд эдийн засаг нь энэ жил төлөвлөж байсан зургаан хувь хүрч өсөхгүй, 0.5 хувиар буурна. Нөхцөл байдал цаашид үргэлжилбэл бүтэн нэг хувиар буурч таван хувь болно хэмээн тооцоолж буй тул ямартай ч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн төдийгүй 1.7 их наяд юань (244 тэрбум ам.доллартай тэнцэх) буюу ДНБ-ийхээ 1.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг эдийн засагтаа нэмж эргэлтэд оруулахаар төсөвлөсөн байна. Коронавирусын улмаас хамгийн их хохирч буй салбарын бизнесүүд болон жижиг, дунд бизнес зээлдэгчдэд зориулсан энэхүү тусламжийн сангаас гарах зээл нь 1.6 хувиас илүүгүй хүүтэй байх бөгөөд эхний ээлжийн 300 тэрбум юань хоёрдугаар сарын 10-наас эхлэн зорилтот бүлэгтээ хүрч эхэлсэн байна.
Хятадын хувийн хэвшлийнхэн ч үүссэн нөхцөл байдлаас ирээдүйд учрах хохирлыг багасгах арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, Хятад даяар 280 худалдааны төв, шоппин центр ажиллуулдаг, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч Да Лиан Ванда компани бүх түрээслэгчээ нэгдүгээр сарын төлбөрөөс нь чөлөөлсөн бөгөөд энэ нь гурван тэрбум юань болсон байна.
Коронавируст хамгийн их нэрвэгдэж буй улсуудын нэг болох Сингапурын засгийн газар жижиг дунд бизнесүүдийг зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх, үндсэн төлбөрийг 6-сараар хойшлүүлах арга хэмжээг авч буй бол тус улсын UOB банк өөрийн харилцагчиддаа зориулсан гурван тэрбум ам.долларын тусгай сан үүсгэн зах зээлд нийлүүлсэн байна. Энд дурдагсан улсуудын Засгийн газар, төв банк, арилжааны банкуудын авсан арга хэмжээ нь коронавирусаас үүдэлтэй томоохон хохирлоос сэргийлэх, цаашид үргэлжилж болзошгүй хүндрэлд бэлдсэн, даамжирч болзошгүй нөхцлийн сөрөг үр дагаварыг багасгах зорилготой байгаа юм.
Дэлхийн зах зээл дээр манай улсын гол нэрийн экспорт болох зэсийн үнэ 15 хувиар буусан. Харин коксжсон нүүрсний үнэ харьцангуй тогтмол байгаа хэдий ч бизнесийн хязгаарлагдмал орчин удаан үргэлжилбэл эдийн засагт томоохон цохилт болох нь гарцаагүй.
Нөгөө талаас иргэдийн урд хөрш рүү зорчих зорчилтод тавьсан хязгаар нь манай жижиг, дунд бизнес, жижиглэнгийн худалдаачдад томоохон цохилт болсон нь гадаад худалдаань эргэлт 10 орчим хувиар буугаад буйгаас харагдаж буй юм. Ямартай ч Монголын эдийн засаг энэ жил төлөвлөсөн 6.1 хувьдаа хүрч өсөхгүй бололтой.
Харамсалтай нь хүндрэлээс сэргийлсэн арга хэмжээ авах нь байтугай энэ талын сэдвийг хөндсөн, энэ талаар тооцсон, ярьж, сануулж буй ямар ч газар алга, хариуцсан институтууд нь таг чимээгүй.
Коронавирустай холбоотой онцгой байдал үүсээд аль хэдийн нэг сарын хугацаа өнгөрчээ. Монголын Засгийн газар, холбогдох байгууллага тухайлбал, Монголбанк, Сангийн яам, арилжааны банкууд ямар ч арга хэмжээ авсангүй. Харин эдийн засаг унасаар. Ниргэсэн хойно нь хашгирав гэгч л болохгүй юм сан.
Эдийн засагч Х.Батсуурь
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин