БНСУ-д өнөөдөр өглөөний байдлаар "COVID-2019” коронавирусний халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 82 болж огцом өсөөд байна. Үүнээс 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусын халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байгааг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аас анхаарууллаа.
Халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Иймээс БНСУ-д байгаа иргэдийг ДЭМБ болон Монгол Улсын ЭМЯ-аас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг зөвлөлөө.
- Гараа сайтар савандаж, тогтмол угаах
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих
Хэрэв өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн www.ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.
Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон "Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөж байна.
Montsame.mn