Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Улсын онцгой комисс хуралдаж, Цагаан сарын баярын өдрүүдээд иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэрээ танилцууллаа.
"13 аймгийн онцгой комиссын даргаас Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөн хязгаарлаж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүний дагуу Улс, хот хоорондын хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан" болохыг Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцууллаа.
Мөн тэрбээр "УОК-ын тав дахь хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар эхлээд өмнөх дурван хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Ингээд зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. БНХАУ-д өргөн дэлгэр тэмдэглэдэг Хаврын баярын үеэр Ухань хотоос 5 сая хүн улсынхаа хэмжээнд 84 сая хүн шилжилт хөдөлгөөн хийсэн нь өвчний тархалт бий болоход нөлөөлснийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс бид үүнээс сургамж авах хэрэгтэй.
13 аймгийн онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнийг ЗТХ-ийн сайдад даалгалаа. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" хэмээв.
А.НЯМ-ӨЛЗИЙ, IKON.MN