Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг жингийн барилдаанаар эхэллээ. Эдгээр жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаанууд явагдаж, манай таван тамирчин бүгдээрээ медалийн төлөө хүчээ сорихоор болов.
Тухайлбал, 55 кг-д Налайх дүүргийн харъяат, ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг нар шигшээд шалгарч, харин 50 кг-д "Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д "Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д "Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар болжээ.
Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20 цаг 30 минутаас эхлэх юм. Энэ удаагийн Ази тивийн АШТ-д жин тус бүрт өмнөх жилүүдээс харьццангуй цөөн бөх оролцож байгаа аж. Учир нь тус тэмцээнээс "Токио-2020” олимпын эрх олгохгүй.
Montsame.mn