ОХУ-ын хууль сахиулах байгууллагын ажилтнууд өнгөрсөн онд тус улсад үйлдэх гэж байсан 34 халдлагыг таслан зогсоожээ.
"2019 онд хууль сахиулах болон хүчний байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулсны ачаар террорист үйл ажиллагаанд чиглэсэн 57 гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилсан сэргийлж чадсан бөгөөд үүний 34 нь террорист халдлага байсан” гэж ОХУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний хорооны нэгдүгээр орлогч дарга Игорь Кулягин мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, өнгөрсөн оны терроризмтой тэмцэх ажиллагааны үеэр 32 гэмт хэрэгтнийг, түүний дотор есөн толгойлогчийг устгаснаас гадна, 41 толгойлогч, 241 террорист болон тэдний хамсаатан болох 606 хүнийг баривчилжээ. Үүнээс гадна, халдлага үйлдэх гэж байсан террористуудын 78 сүлжээг устгасан байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд ОХУ-д террорист үйл ажиллагаанд чиглэсэн гэмт хэргийн тоо 9 дахин буурчээ.
Montsame.mn