Йеменд явуулсан АНУ-ын тусгай ажиллагааны үеэр Арабын хойг дахь "Аль-Каида" бүлэглэлийн /AQAP/ үүсгэн байгуулагч, толгойлогчийг устгасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.
"АНУ Йеменд явуулсан терроризмтой тэмцэх тусгай ажиллагаагаараа "AQAP" бүлэглэлийн үүсгэн байгуулагч, толгойлогч Касим аль-Римиг амжилттай устгалаа" гэж Цагаан ордноос нийтэлсэн Д.Трампын мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
"К.Римиг устгаснаар "AQAP" болон Аль-Каида бүлэглэлийн үйл ажиллагааг сааруулж, манай улсын үндэсний аюулгүй байдалд учрах аюул заналыг бууруулах юм" гэж дээрх мэдэгдэлд дурджээ.