- УИХ-ын нэр бүхий гишүүдийн ЖДҮХС-гаас авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой
- УИХ-д хандахгүйгээр Ерөнхий прокурорынхоо эрхийн дагуу шүүхэд хандаж төр учирсан хохирлыг төлүүлэх боломжтой
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин УИХ-ын гишүүдийг ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл олгуулсан асуудлаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт хүргүүлж буйгаа олон нийтэд мэдээлэв. Тэрбээр "Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан шүүхэд нэхэмжлэл гаргаж УИХ-ын нэр бүхий гишүүдийн ЖДҮХС-гаас авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой” гээд ерөнхий прокурорт хандах болсон үндэслэлээ "Монгол Улсын прокурорын тухай хуульд прокурор нь үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлах тухай заасан байдаг. Хуулийг нэг мөр хэрэглэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзан, хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасан. Энд дурдагдсан салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүх л салбар хамаарна. Харин байгууллага гэдэгт УИХ, Засгийн газар гэх зэрэг төр, төрийн хэвшлийн бүх байгууллага хамаардаг. Ингэснээр аливаа салбараас үл шалтгаалан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчмыг хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Хоёр жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас илт сонирхлын зөрчилтэй гэдэг нь олон нийтэд ил болсон. Уг асуудал нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн учраас прокурор шүүхэд хандах ёстой” хэмээн тайлбарласан. Мөн тэрбээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы шүүхэд хандах арга зам, загварыг ч тодорхойлсноо танилцуулсан. Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн "Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заалтыг баримталж шүүхэд хандахыг зөвлөж байгаа аж. Тус заалтад төрийн тодорхой албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаар төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж заасан байдаг. Мөн Иргэний хуульд хууль зөрчсөн гэрээ, хэлцэл шууд хүчингүй болно гэсэн заалтыг бий.Үүний дагуу хуульч Х.Тэмүүжин ерөнхий прокуророос Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх нэхэмжлэл гаргаад зогсох гүй төрийг төлөөлж шүүх хурал- даанд оролцож, гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгохыг шаардаж байгаа аж. Түүнээс Ерөнхий прокурор энэ асуудлаар УИХ-д хандаж таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гээд чадаагүй талаар тодруулахад "Энэ бол УИХ-тай огт хамаарахгүй явах ёстой ажил. Нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзвэл прокурор төрийг төлөөлөөд өөрөө санаачлаад шууд шүүхэд хандах эрхтэй. УИХ-д олонх болж аваад, хаалганыхаа гадна хуулийг үлдээгээд дотор нь хулгай хийж байгаа хүмүүстэй огт хамаарахгүйгээр Ерөнхий прокурор, шүүх нь ажлаа хийхэд л болох юм” гэв.
Эх сурвалж: ZGM.mn