Дэлхийн банк "COVID-19" тархаад буйтай холбоотойгоор, эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл бэрхшээл учирч буй улс орнуудад 12 тэрбум ам.долларын яаралтай тусламжийг үзүүлэхээр шийдвэрлэв.
Дэлхийн банкны мэдээнд дээрх тусламжийг эхний ээлжийнх гэдгийг онцлоод, энэ санхүүжилт нь короновирусний тархалтын эсрэг болон үүнээс үүдэлтэй нөлөөллийг бууруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ авахад нь гишүүн улс орнуудад туслаж буй дэмжлэг юм гэжээ.
Санхүүгийн энэхүү яаралтай тусламжаар дамжуулан, халдварт өвчний голомтот тархалтаас хүн амыг сэргийлэх зорилгоор оношилгоо, тандалтыг сайжруулна гэж үзэж байна.
Ингэснээр эрүүл мэндийн системийг бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг нэмэгдүүлэх юм. Мөн хувийн хэвшилтэй хамтран ажиллах замаар "COVID-19"-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад нь хөгжиж буй улс орнуудад туслалцаа үзүүлж байна гэжээ.
Санхүүгийн тусламжийг Олон улсын хөгжлийн ассоциаци (ОУХА), Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк (СБХОУБ) болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) гаргаж бүрдүүлжээ. Санхүүжилтийн багц нэгдсэн зохицуулалтын дор, тусламж шаардлагатай улс орнуудад очино. Эхний ээлжийн хямралын нөөцийн шугмаар, яаралтай тусламжийн хэлбэрээр олгогдох 12 хүртэлх тэрбум ам. долларын 8 тэрбум нь шинэ санхүүжилт аж.
Санхүүжилтийн тодорхой хэсгийг бодлогын зөвлөгөө өгөх, олон улсын болон тухай тухайн улс, орны мэргэжилтний мэдлэг, туршлагыг дайчлах замаар үзүүлэх техникийн туслалцаанд зориулна.
"Бид тусламжаа "COVID-19"-ийн тархалттай тэмцэж байгаа хөгжиж буй улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шуурхай, уян хатан байдлаар үзүүлэхээр ажиллаж байна” хэмээн Дэлхийн банкны ерөнхиийлөгч Дэвид Малпасс мэдэгдэж байна. "Энэхүү тусламж нь Дэлхийн банкнаас хямралын үед тусламж үзүүлэхэд ашигладаг санхүүжилт, бодлогын зөвлөмж болон техникийн туслалцаа зэргээс бүрдэж буйг тэрээр онцлов.
Санхүүжилтийн багцын хүрээнд, ОУХА-аас бага орлоготой улс орнуудад буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгох бол Сэргээн босголт, хөгжлийн олон улсын банк дунд орлоготой улс орнуудад зээл олгоно. Ингэхдээ Дэлхийн банканд одоо ашиглаж буй зээл, тусламжийн бүхий л арга хэрэгслийг яаралтай журмаар бэлтгэх замаар ашиглах юм. Дэлхийн банкны группын хувийн хэвшилтэй ажилладаг байгууллага болох ОУСК харилцагчиддаа үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, ажлын байрыг тогтвортой хадгалахад нь шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ гэж Дэлхийн банкны мэдээнд дурджээ.
Эх сурвалж:Montsame.mn