Орос, Хятадын эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлж, гадаадын улсуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 21 хувиар бууруулахыг Цагаан ордон 2021 оны санхүүгийн жилд АНУ-ын Конгресст санал болгоно. Энэ тухай АНУ-ын Засаг захиргааны өндөр дээд төлөөлөгчийн мэдэгдсэнийг "Reuters” агентлаг иш татан мэдээлсэн байна.
Тодруулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх санхүүгийн жилд гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг 44.1 тэрбум ам.доллар буюу энэ оныхоос 11.6 тэрбум ам.доллароор бага мөнгө олгохыг хууль тогтоогчдоос хүсэх аж.
Түүнчлэн олон улсын хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх Америкийн корпорацийн эхлүүлсэн үйл ажиллагаанд 700 сая ам.доллар олгохыг хүсэх аж. Энэхүү корпораци нь хөгжиж буй орнуудад тусламж үзүүлдэг хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг хөгжлийн банк аж.
Өнгөрсөн жил Д.Трамп гадаадын улс орнуудад үзүүлэх тусламжийн хэмжээг 13 тэрбум ам.доллароор бууруулахыг санал болгосон хэдий ч Конгрессын зүгээс эсэргүүцэлтэй тулгарсан байна.