Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канадын Торонто хотноо энэ сарын 1-4-нд болсон Уул уурхайн олборлогчдын чуулга уулзалт "PDAC2020"-д оролцжээ.
Чуулга уулзалтын үеэр Канад-Еврази-Оросын Бизнес Нийгэмлэгээс зохион байгуулсан "CERBA Eurasia Mining Conference 2020"-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын орчинг танилцуулснаас гадна Монгол-Канадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн байна. Уг уулзалтад ОХУ, Казахстан, Узбекистаны уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид оролцжээ.
Мөн Элчин сайд Я.Ариунболд Канад-Монголын Парламентын бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанзи, Канадын Парламентын гишүүн ноён Дэйн Ллойд нартай уулзаж, хоёр орны парламентын болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Montsame.mn