БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй гэдгийг мэдэгдлээ. Ингэхдээ сурагчдыг зөвхөн явцын дүнгээр дүгнэх гэнэ.
Тэрээр энэ талаар "Бид Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа. ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Хүүхдүүд хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна. Математик, монгол хэл гэх мэт улсын шалгалтад авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой.
Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаар ажиллана. Харин ЭЕШ зурагдугаар сарын 8-11-нд явагдана. Энэ жил заавал үзэх судлагдахуунаар авах болно. Өмнө жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун байсан. Сурагчид багш нартайгаа холбогдож, уулзаж шалгалтад бэлдэх байдал хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Гэхдээ наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө" гэсэн юм.
Хичээл орж эхлээд сургалтын хөтөлбөрийн дагуу хичээлээ үзэх болон теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдахыг онцоллоо. Тэрээр теле хичээл зааж байгаа багш нартай өнөөдөр уулзаж тэдний саналыг сонссон юм.
Мөн теле хичээлээр заасан мэдлэгээ хүүхдүүд хэрхэн бататгах, нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд байгаа айл өрхийн хүүхдүүд хичээлээ хэрхэн үзэх зэрэгт өөрийн саналыг тусгаж мэргэжилтнүүдээс тайлбар авчээ.