Монгол Улсын Засгийн газар лхагва гаригийн хуралдаанаар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд бүх цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаанд тавьсан карентины хугацааг 28 хоногоор сунгаж, ирэх гуравдугаар сарын 30-ыг хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор энэ жил ерөнхий боловсролын сургуулийн төгсөх анги буюу ахлах 12 дугаар ангийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой зарим тодорхой асуудлууд үүсч байна.
Тухайлбал, сургууль, сургалтын үйл ажиллагаа эрхлэгч боловсролын төвүүдийн үйл ажиллагаа хязгаарлагдсантай холбоотойгоор сурагчид ЭЕШ-т бэлдэх боломжгүй болох, ЭЕШ-ын товлосон хуваарь хойшлох хүндрэлүүд гарч буй.
Тиймээс энэ асуудлаар холбогдох байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэх болон ЭЕШ-ын бүртгэлийн явц хэрхэн үргэлжилж буй талаар Боловсролын үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцаж тодруулсан юм.
-ЭЕШ-ын онлайн бүртгэл явагдаж эхлээд 10 хонож байна. Одоогоор бүртгэлийн ажил ямар төвшинд явагдаж байна вэ. Энэ жилийн хувьд хэдэн сурагч ЭЕШ өгөхөөр байгаа вэ?
-Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 28000 гаруй сурагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байгаа. Үүн дээр өмнөх онуудад төгссөн их дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим хүн буюу нийт 32000 орчим хүн ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоолол байгаа. Үүний дагуу бэлтгэл ажил хангаад явж байна. ЭЕШ-ын онлайн бүртгэл эхлээд 10 хоносон. Өнгөрсөн гурваас, дөрвөн хоногийн хугацаанд ЭЕШ онлайн бүртгэл түр хугацаанд саатсан асуудал гарсан. Нэгд, Монголбанкны зүгээс банк хоорондын мөнгөн шилжүүлэг хийх асуудалд систем шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор энэхүү саатал үүссэн. Хоёрт, Боловсролын үнэлгээний төвийн зүгээс бүртгэлийн алхмыг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнтэй холбоотой саатал гарсан. Гэхдээ уг саатал нь сурагчдын ЭЕШ-д бүртгүүлэх эцсийн үр дүнд сөргөөр нөлөөлөх хэмжээнд очихгүй. Одоо бол бүх ажиллагаа хэвийн болоод онлайн бүртгэл үргэлжлээд явж байна.
-Техник хүндрэлүүд одоо бүгд шийдэгдсэн гэж ойлгож болох нь ээ?
-Тийм.
-Засгийн газрын хуралдаанаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд сургуулиудын үйл ажиллагааг хязгаарлах байдлыг ирэх сарын 30-ыг хүртэл болгож сунгах шийдвэр гаргалаа. Гэтэл Монгол хэл, бичгийн шалгалт ирэх гуравдагуур сарын 28-нд буюу хөл хорих хугацаанд таарч байна. Боловсролын үнэлгээний төвийн зүгээс энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ. Мөн онц байдалд шилжих дэглэм тогтоосонтой холбоотойгоор төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д бэлдэж чадахгүй байх зэрэг асуудлууд үүсэж байна?
-Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 27-нд болохоор товлосон Монгол хэл, бичгийн шалгалт хойшлох болж байгаа. Дахин тов гаргах талаар Боловсролын үнэлгээний төвөөс Боловсролын яамд санал хүсэлтээ хүргүүлсэн. Яамнаас эцсийн шийдвэр гаргасны хүрээнд бид шалгалтуудаа зохион байгуулна.
Хөл хорио тогтоогдсонтой холбоотойгоор одоогоор дөрвөн долоо хоногийн сургалтын хөтөлбөр тасалдаад байна. Үүнээс болж хүүхдүүд ЭЕШ-дээ бэлдэх, Монгол хэл, бичгийн шалгалтдаа бэлдэхэд мэдээж хүндрэл үүсэж байна. Жишээ нь зарим хүүхэд сургалтын төвүүдээр дамжуулж шалгалтдаа бэлддэг. Энэ нь тасалдаж эхэлж байна. Боловсролын яамны зүгээс энэхүү хоцрогдлыг нөхөх чиглэлд тодорхой хугацаанд бямба гаригт хичээллэх, мөн ТВ хичээлээр нөхнө гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүхнийг бас арай өөр, эерэгөнцгөөр харах хэрэгтэй.
Нэгд, ЭЕШ гэдэг нь өөрөө ямар нэгэн хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгадаг шалгалт биш. Энэ нь их дээд сургуулиудын уралдаант шалгалт байдаг. Тэгэхээр уралдаант шалгалтад орж байгаа хүүхдүүдийн хооронд л өрсөлдөөн болно шүү дээ. Өөрөөр хэлбэл зарим хүүхэд нь хичээллээд, нөгөө хэсэг нь хөл хорио тогтоогдсон бол сурагчдын хооронд тэгш өрсөлдөөнийг хангаж чадахгүйд хүрнэ. Гэтэл сургалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд зогссон байгаа.
Хоёрт, дээр хэлсэнчлэн Боловсролын яамны зүгээс өгсөн чиглэлийн дагуу сургалтын хоцрогдлыг нөхөх ажлууд явагдаж байна. Мөн ЭЕШ нь өөрөө уралдаант шалгалт учир зөвхөн 12 бус өмнөх ангиудад үзсэн хичээлийн агуулгууд хүртэл ордог. Тэгэхээр хөл хорьсон нь сурагчдад сөргөөр нөлөөлнө гэж үзэхгүй байгаа. Харин ч энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдийн хувьд том боломж үүсэж байна гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, нэг сурагч долдугаар ангид үзсэн хичээлийнхээ агуулгыг мартсан байж болно. Тэгвэл яг одоо тэрхүү мартсан хичээлийг ТВ хичээлээр нөхөж, сэргээх хангалттай боломж 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдэд олдож байгаа. Өөрөө зүтгэлтэй байвал бүр нэг, хоёрдугаар ангидаа үзээд мартсан хичээлээ хүртэл нөхөх боломжтой байна. Тэгэхээр энэ боломжуудыг сурагчид маань өөрсдөө үр дүнтэй ашиглаад явбал амжилтаа ахиулах боломж байгаа.
Мэдээж олон хоногийн хугацаагаар сургалтын үйл ажиллагаа тасалдаж байгаатай холбоотойгоор энэ жил ЭЕШ-ын эцсийн үр дүн өмнөх жилүүдтэй харьцуулахад бага зэрэг буурах магадлалтай. Гэхдээ үүний цаана хүүхэд төдийлөн хохирох хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй болов уу гэж харж байна. Ямартай ч бид ирэх зургадугаар сарын 12-15 хооронд ЭЕШ-ыг зохион байгуулна гэсэн бодолтой бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тэгэхээр зургадугаар сарын 12 гэхэд ерөнхий боловсролын бүх сургуулиудын хөтөлбөр агуулга бүрэн хэрэгжээд дуусчихсан байх болж байгаа. Чухам яаж болон хэрхэн өмнөх мартагдсан хичээлүүдээ нөхөж, сэргээх вэ гэдэг нь манай багш нарын хувьд ачаалал болж ирнэ. Гэхдээ бид бүх хүүхэд хөтөлбөрийн агуулгаа бүрэн үзэж дууссаны дараа ЭЕШ явуулах журамтай учир хүүхэд хохирох асуудал гарахгүй.
-Магадгүй муугаар бодоход нөхцөл байдал цаашид улам хүндэрсэн тохиолдолд ЭЕШ-ын товыг хойшлуулах асуудал яригдах боломжтой?
-Цаашид хөл хориог сунгах үгүйг бид мэдэхгүй. Энэ бол Засгийн газрын шийдвэр гэхээсээ халдварын тархалт, вакцин гаргаж авах зэрэг өөр бусад шалтгаанаас илүүтэй хамааралтай. Гэхдээ ямартай ч бид ирэх зургадугаар сарын 12-15 хооронд ЭЕШ зохион байгуулна гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Бидний хувьд хөл хорио тавигдаад нөхцөл байдал нааштайгаар эргэх юм бол тухай бүрд нь шалгалтын бүртгэл, агуулгатай холбоотой бүх мэдээ мэдээллийг хүүхдүүддээ хүргээд явна. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс өөрсдийн бүх цахим хаягаараа дамжуулан сурагчдад ЭЕШ-д бэлдэх бүх мэдээ, мэдээллийг хангаад явж байна. Тухайлбал, ЭЕШ явагдах журам тавигдсан байгаа. Шалгалтын бүртгэлийн хугацаа, Монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой бүх мэдээ, мэдээллийг манай "www.eec.mn" вебсайтаас авах боломжтой.
Үүнээс гадна Боловсролын яамны боловсролын нэгдсэн удирдлагын мэдээллийн сангаас 12 дугаар анги төгсөж буй бүх хүүхдүүдийн мэдээллийг татаж аваад Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлэх болон бусад шалгалтуудтай холбоотой видео хичээлүүдийг бэлдээд мөн сайтаараа дамжуулах ажлууд эхэлсэн явагдаж байна.
-Жил бүр ЭЕШ-ын үеэр хэл ам дагуулсан тодорхой хэдэн асуудал үүсдэг. Нэг талдаа энэ нь шалгалт өгөх сурагчид болон эцэг эхчүүд, багш нарын хайхрамжгүй байдлаас шалтгаалж байгаа харагддаг. Өмнөх жилүүдийн туршлагаас үндэслэн энэ жил ЭЕШ өгөх сурагчдад юуг анхааруулах вэ?
-Хамгийн түрүүнд бүртгэлээс хоцрох асуудал маш их гардаг. Гэхдээ энэ үзэгдэл жилээс жилд цөөрч байгаа ч тодорхой хэмжээнд байсаар байна. ЭЕШ-ын онлайн бүртгэлийн хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш нэмж сунгалт хийгддэггүй. Угаасаа тийм журам байдаггүй. Тиймээс үүн дээр манай сурагчид өөрсдөө, мөн эцэг эхчүүд болон анги удирдсан багш нар ямар боломж нөхцөл байна түүгээрээ дамжуулан бүртгүүлэх хэрэгтэй.
Хоёрт, ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой мэдээ, мэдээллийг яг Боловсролын үнэлгээний төвийн албан ёсны эх сурвалжаас авч байх хэрэгтэй. Тухайлбал, 2017 онд Өвөрхангай аймагт химийн хичээлийн шалгалт болох хугацаа, товыг буруу зарласантай холбоотойгоор долоо, найман хүүхэд тухайн шалгалтаас хоцорсон асуудал үүсэж байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдалд бол эдгээр хүүхдүүд Боловсролын үнэлгээний төвөөс бус өөр албан бус эх сурвалжаас мэдээлэл авсан байдаг. Үүнээс гадна ЭЕШ-тай холбоотой янз бүрийн дэл сул яриа, цуурхал санаатай болон санамсаргүй байдлаар мэдээлэгддэг асуудал гардаг. Энэ бол маш хортой нөлөөтэй. Мөн ЭЕШ-ын түлхүүр, сэдэв задарсан мэт яриа гардаг. Ингэх замаар зарим хүүхдүүдийн өндөр оноо авах гэсэн хүсэл эрмэлзэл дээр дөрөөлж хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн этгээдүүд бий. ЭЕШ-ын сэдэв задрах ямар ч боломжгүй байдаг. Тиймээс үүнийг маш сайн ойлгож, албан эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй.
-Өөрийн хайхрамжгүй байдал болон худал цуурхалд автаж ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд дахин шалгалт өгөх боломж байдаггүй?
-Тийм. Бид Боловсролын яамны сайдын тушаалаар ЭЕШ-ыг жилд нэг л удаа зохион байгуулах үүрэгтэй байгууллага. Ер нь жил бүр бусдын санаатай, санамсаргүй гаргасан худал мэдээллээс болж сурагчид хохирох, дараа нь асуудал үүсэх нөхцөл гардаг. Энэ жилийн хувьд сонгууль тохиож байгаатай холбоотойгоор худал цуурхал гарах эрсдэлтэй. Өмнөх туршлагууддаа тулгуурлан энэ бүх эрсдэлийг бид тооцож байгаа. Үндсэндээ ЭЕШ болох тов, шалгалтуудын хуваарь зэргийг зөвхөн манай албан ёсны цахим хаягууд болон вебсайтаар түрүүлж мэдээлдэг. Яг одоогоор манай албан ёсны хуудаснуудад шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээллүүд байршсан, шинэчлэгдээд явж байгаа. Дээрээс нь шалгалтын бүтэц, зохион байгуулалттай холбоотой, тэгээд Монгол хэл, бичгийн шалгалттай холбоотой цуврал видео хичээлүүд бэлтгэж эхэлсэн байгаа. Үүнийгээ бид давхар хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэж чадах байдлаар дохионы хэл, яг тусгай боловсрол шаардлагатай иргэдэд баррель үсгэн байдлаар гэх зэрэг олон талт аргаар мэдээллээ түгээхийг эрэлхийлж байна.
-Өнгөрсөн жилээс шалгалтын материалуудыг газар дээр нь шалгаж сурагчдын нүдэн дээр оноог нь харуулах технологийг ЭЕШ-д нэвтрүүлж ажиллаж байсан. Энэ нь олон талын давуу талтай болох нь харагдсан. Энэ жилийн хувьд үүн дээр сайжруулалт хийгдэж байгаа юу. Мөн технологийн ямар шинэ шийдлүүдийг ЭЕШ-д нэвтрүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Боловсролын үнэлгээний төвөөс сүүлийн жилүүдэд өөрсдийн мэдээ, мэдээллээ иргэдэд илүү хурдацтай, хүртээмжтэй хүргэх чиглэлд хэд хэдэн технологи нэвтрүүлээд байгаа. Жишээ нь 2017 онд бид ухаалаг тайлангийн системийн эхлэл болгож статистик тайлангийн системийг нэвтрүүлсэн. Энэ нь ЭЕШ-ын үр дүнг цахим байдлаар статистик тоон мэдээлэлд нь тулгуурлан тухайн сум, дүүрэг, сургууль, багш болгонд хүрч сургалтын үйл ажиллагаандаа ашиглах боломжийг нээж өгсөн.
Хоёрт, нээлттэй даалгаврын санг цахим байдлаар бий болгосон байгаа. Энэ зүйл бий болсноор сурагчид болон багш нар, эцэг эхчүүд бүгд сурлагын амжилтад бүгд оролцох боломж нээлттэй болсон. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүртэл хүүхдүүдийнхээ мэдэж авах чадварын төвшинг нь тодорхойлох боломжтой болж эхэлсэн. Мөн энэхүү систем нь багш нарын хувьд хичээл сургалтад зарцуулах цаг хугацааг хэмнэхээс гадна, тухайн багшид ажлын байран дээрээ цалингаас гадуур нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал, багш нар өөрсдөө даалгавар боловсруулж тэр нь манай Боловсролын үнэлгээний төвийн шаардлага, нөхцөлийг хангаж байвал тухайн багшид тохирсон үнэ хөлсийг нь шилжүүлдэг тогтолцоог бий болгосон. Үндсэндээ энэ бол үндэсний хэмжээний маш том, дурын хэн ч ашиглаж болох даалгаврын сан гэсэн үг.
Гуравт, бид өнгөрсөн жилээс шууд засалтын шилэн технологийг нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд бид үүнийг үндэсний хэмжээнд 30 шалгалтын төв дээр нэвтрүүлсэн. Тухайлбал, хөдөө орон нутгийн 21 шалгалтын төв, Улаанбаатар хотын есөн шалгалтын байран дээр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд сурагчид шалгалтын дүн, оноондоо эргэлзэхгүй болсон. Ингэснээр шалгалтын материал засах эргэлзээ үгүй болсон. Мөн ЭЕШ болон их дууд сургуулиудын элсэлт хоорондоо маш уялдаатай болж ирсэн. Жишээ нь хүүхдүүд шалгалтаа өгч, хариугаа харсан даруйдаа хуваарь сонголтоо хийж, хүссэн их дээд сургуульдаа элсэх боломж нь бүрдсэн. Үүнээс хамгийн их давуу тал, үр шим хүртсэн шалгуулагчид нь хөдөө, орон нутгийн тэр дундаа сумдаас аймгийн төв дээрээ ирж шалгалт өгдөг иргэд болж таарсан. Өмнө нь эдгээр хүүхдүүд эхлээд шалгалтаа өгөх гэж, дараа нь оноогоо харах гэж сумаас аймгийн төв рүүгээ зардал, чирэгдэл болж хоёр удаа ирдэг байсан. Одоо бол наад зах нь замын зардалд зарцуулдаг мөнгө нь эцэг эхийн халаасанд үлдэж байгаа.
Энэ жилийн тухайд энэхүү шилэн засалтын технологийг бид 50 шалгалтын төв дээр байршуулж, өргөжүүлэхээр зорьж байна. Энэ жилийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад шалгуулагчдын тоо бага зэрэг өссөн байгаа. Тиймээс өнгөрсөн оны туршлага дээрээ үндэслэн шилэн засалтын технологийг өргөжүүлэх нь нэг талдаа нэг шалгалтын байран дээр ирэх ачааллыг бууруулах ёстой. Ингэснээр уг технологийн үр дүн илүү хурдан иргэдэд хүрэх боломж бүрдэх юм.
Мөн энэ жилийн хувьд бид хэд хэдэн шалгалтын байрууд дээр туршилтаар шалгуулагчийн царай таних технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Учир нь өмнөх жилүүдэд өөрийнхөө оронд өөр хүн шалгалтад оруулах зэрэг оролдлогууд мэр сэр гардаг байсан. Шинэ технологи нэвтрүүлэх замаар ЭЕШ-ыг хууран мэхлэх оролдлогыг бүр мөсөн алга болгохыг зорьж байна. Цаашдаа бид хурууны хээ таних технологи нэвтрүүлэх талаар судалж байгаа. Энэ нь наад зах нь шалгалтын байран дээр ажилладаг хянагч, ажилчдын ачааллыг буруулна. Одоо бол шалгуулагч бүх бичиг баримтаа барьж тэрийгээ нэг бүрчлэн шалгуулах процесс явагддаг. Нэг шалгалтын байран дээр л гэхэд мянгаад хүүхэд шалгалт өгдөг. Энэ нь наанадаж цаг хугацааны хувьд удаашралтай, хүндрэл чирэгдэлтэй байдаг. Хурууны хээ болон нүүрний царай таних технологи нэвтрүүлэх замаар шалгалтын үйл ажиллагаа илүү хурдан болж, ирцийн мэдээлэл, эргэх холбоо улам сайжирна гэх зэрэг олон давуу тал үүснэ.
-ЭЕШ-ын зохион байгуулалтын хувьд энэ жил ямар өөрчлөлтүүд орохоор байгаа вэ?
-Манай иргэдийн дунд нэг ойлгомжгүй зүйл байдаг нь Монгол хэл, бичгийн шалгалтын тухай асуудал байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр гарсан 37 дугаар тогтоолын дагуу их дээд сургуульд элсэн орж байгаа бүх элсэгч, төгсөгчид эх хэлний хэрэглээний боловсролыг хэмжиж, үнэлэх, сайжруулах зорилготой Монгол хэл, бичгийн шалгалтад заавал хамрагдсан байх ёстой. Энэ тогтоол гарсны дараагаар 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол хэл, бичгийн энэхүү шалгалтыг босго оноотой байлгах тухай салбар яаманд чиглэл өгөх зарлиг гарсан байдаг. Ингээд өнгөрөгч оны нэгдүгээр сарын 31-ны өдөр БСШУСЯ-ны сайдын тушаалаар энэ шалгалтын босго оноог 400 болгож зарласан. Уг шалгалтын бүртгэл нь ЭЕШ-ын бүртгэлтэй зэрэг явагдаж байгаа. ЭЕШ-ын бүртгэл маань хоёрдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд үргэлжлэх бол Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-аас гуравдугаар сарын зургаан хүртэл үргэлжилнэ. Ийм хоёр өөр бүртгэл зэрэг явж байгаа шүү. Энэ онд ахлах 12 дугаар анги төгсөж байгаа сурагчдын мэдээллийг бид БСШУСЯ-ны Боловсролын нэгдсэн удирдлагын мэдээллийн сангаас татаж аваад, автоматаар бүртгэх юм.
Харин түрүүн хэлсэн өмнөх онуудад төгссөн, их дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим иргэд заавал энэхүү бүртгэлийн хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдах ёстой. Монгол хэл, бичгийн шалгалт нь хоёр үе шаттай явагддаг. Эхний шалгалт нь гуравдугаар сарын 28-нд төлөвлөгдөж байгаад халдварт өвчин гарсантай холбоотойгоор хойшлогдох болсон. Гэхдээ удахгүй яамнаас дахин тов зарлах учир иргэд шалгалтдаа бүртгүүлэх хэрэгтэй. Энэхүү шалгалтад 400-ээс доош оноо авсан тохиолдолд дахин шалгалт өгөх эрх үүснэ. Босго онооноос бага оноо авсан, эсвэл хүндэтгэх шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй иргэд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хоёр дахь шалгалтдаа орно. Тиймээс энэхүү шалгалтдаа сайн бэлдэхийг зөвлөж байна.
Хэдий энэ шалгалт ойрхон хугацаатай, хөл хорио тогтоосонтой холбоотой бэлдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа ч энэ бол хүүхдүүдээс тусгай мэдлэг шаарддаг шалгалт биш юм. Өөрөөр хэлбэл МУИС-ын Монгол судлалын сургуульд орох гээд бэлдэж байгаа Монгол хэлний шалгалтаас тэс өөр, сэтгүүлч болох гээд бэлдэж байгаа Монгол хэлний шалгалтаас өөр гэсэн үг. Үндсэндээ Монгол хүн бүрийн эзэмшвэл зохих, мэдэж байвал зохих тэр чадвар, мэдлэгүүдийн төвшинд энэ шалгалтыг зохион байгуулж байгаа. Жишээ нь Монгол хүн бүр нэг богино өгүүллэг уншаад уг эхийн гол санаа, сэдэв, гол дүрийн гадаад, дотоод шинж чанар ямар байна, эхийн хэрэг явдал, цаг хугацааны асуудлыг ойлгосон төвшиндөө хариулах төвшний даалгавартай. Мөн бидний өдөр бүр хэрэглэдэг Монгол хэлний зөв бичгийн дүрмийн асуудал орж ирнэ. Энэ дээр ямар нэгэн уламжлалт ч юм уу эсвэл дүрмийн хувьд маргаантай үгсийн тухай яригдаагүй. Тухайлбал, "явахаас” гэж үг бичихэд үйл үгийн өмнөх эгшиг гээгдэх үү, үгүй юу гэх мэт хүн бүр мэдэж байх ёстой агуулга л орж ирдэг.
Энэ бол сургалтын хөтөлбөрт хамаарагдахгүй агуулга шүү. Энэ бол Монгол хүн бүрийн мэдэж, чадаж байвал зохих зүйлийн тухай яригдаж байгаа юм.
Монгол Улс 2025 онд хос бичгээр төрийн албан хэргийг хөтлөхөөр яригдаж байна. "Миний Монгол-2025” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Ийм том үндэсний хэмжээний бодлого хэрэгжиж байгаа учир Монгол хүн бүр ядаж Монгол бичгээрээ унших чадвартай байх ёстой болж байгаа. Тиймээс шалгалтад Монгол бичгийн унших чадварын даалгавар орж ирдэг. Мөн өөрийн үзэл бодол, хандлагаа бичгээр илэрхийлэх буюу зохион бичлэгээр илэрхийлэх чадвараар авагдана. Энэ бүхэн бол коронавирусийн дэгдэлттэй төдийлөн хамааралгүй. Учир нь Монгол хүн бүр мэдэж байх ёстой зүйлийн талаар яригдаж байгаа. Тиймээс үүнд идэвхтэй бэлдэх хэрэгтэй.
Зарим хүн энэ шалгалтыг 400 онооны босготой болсонд таагүй ханддаг асуудал бий. Гэхдээ энэ бол шалгалт гэдгээсээ илүүтэй Монгол хэлэнд оруулж буй хэлний дархлаагаа сайжруулахад оруулж байгаа хувь нэмэр юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Itoim.mn