2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр "Ковид 19” илрээд буй билээ.
Тэрээр 57 настай, Францын "Арева” компанид удирдах алба хашдаг, тодорхой функци хариуцсан захирал юм байна.
Түүнийг 03 дугаар сарын 02-нд нисч ирэхэд нь авсан шинжилгээгээр коронавирус илрээгүй ч 14 хоног ажиглалтад байлгаж буудалласан "Баянгол" зочид буудалдаа өөрийгөө сайн дураар тусгаарлахыг эмч нар хүссэн аж. Гэвч тэрээр Улаанбаатарт байхдаа зөвхөн "Баянгол" зочид буудлын ресторанаас гадна байнга гадуур хооллож, "Ариг", "KFC", "Veranda" зэрэг рестораноор үйлчлүүлжээ.
Тэр бүү хэл Дорноговь аймаг руу хамгийн олон хүнтэй тээврийн хэрэгсэл болох галт тэргээр явж, компанийхаа бүх ажилчдыг цуглуулж хурал хийсэн байна.
Энд нэг сонирхол татах зүйл байгаа нь коронавирусын халдвар илрэх хүртэл нь түүнийг өөрийгөө тусгаарлаж буй эсэхийг хэн ч шалгаагүй, мэдээгүй явдал юм.
Энэ хариуцлагггүй үйлдлээ ч УИХ-ын гишүүн, Эрүүл Мэндийн Сайд Д.Сарангэрэл хүлээн зөвшөөрч, өнөө өглөө : " Нэг хэлэх гээд байгаа зүйл бол мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар энэ коронавирусын халдвар эхний шатанд илэрсэн гадаадын иргэнд та 14 хоног өөрийгөө гадагшаа гарахгүй тусгаарлах хянах шаардлагатай гэдэг зөвлөмж өгсөөр атал үүнийг үл тоож, олон газраар явсан ийм мэдээлэл байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа. " хэмээв.
Энэ юу гэсэн үг вэ?
Хэнийг нь болохоор хүчээр тусгаарлаад, хэнийг нь өөрийгөө тусгаарлаарай гэж зүгээр гуйдаг хэрэг вэ?
Улсын Онцгой Комиссын шийдвэрийг "Арева" компаний захирал гэх Франц эрт зүгээр хүсэлт хэлбэрээр дамжуулж болж байгаа хэрэг үү? Д.Сарангэрэлээ.
Хариуцлаггүй гэхэд дэндүү хариуцлаггүй хэрэг биш үү?
С.Сарнай
Sonin.mn