Шинэ коронавирусний халдвар цар тахлын хэмжээнд хүрэх магадлал өндөр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдээлжээ. Гэсэн хэдий ч халдварыг хяналтад авах боломжтой хэвээр байгааг тэрбээр онцолсон байна.
Т.Гебрейесус Швейцарын Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр уг халдвар 100 гаруй улс оронд бүртгэгдэж, 100 мянга гаруй хүнд халдварласныг дурдаад, шийдэмгий арга хэмжээнүүдийг эрт хэрэгжүүлснээр тархалтыг хязгаарлаж, урьдчилан сэргийлэх боломжтой байгааг тэмдэглэжээ.
Мөн тэрбээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь эдгэрэх боломжтой хэмээн хэлээд, халдварын 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн Хятад улсад өвчтөнүүдийн 70 гаруй хувь нь эдгэрэн эмнэлгээс гарсныг иш татсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг