Манай улс оны эхний хоёр сард 770.3 сая ам.долларын экспорт, 750 сая ам.долларын импорт хийжээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 29 хувиар, импорт 10 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж ГЕГ-ын Статистикийн газраас мэдээлэв.
Экспорт буурахад Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспортыг зогсоосон нь голлон нөөлөөлжээ.
Тухайлбал, чулуун нүүрсний экспорт өмнөх оныхоос 1.2 сая тн, зэсийн баяжмал 37 мянган тн, боловсруулаагүй нефть
723 мянган баррелиар буурч,төмрийн хүдэр, цайрын хүдрийн баяжмалын экспорт бага зэрэг нэмэгдсэн байна.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-аас бус, ОХУ болон бусад орнуудаас түлхүү импортолж байна. Хуурай сүү, цөцгийн тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү сүүн бүтээгдэхүүний импорт буурч цай, ургалмалын тос, маргарин, элсэн чихэр зэрэг нэрийн бүтээгдэхүүний импорт нэмэгджээ.
Оны эхний хоёр сард гаалийн байгууллага 140 хэрэг, зөрчил илрүүлж, 217 сая төгрөгний торгууль ноогдуулжээ. Мөн 332 сая төгрөгний татварыг нөхөн төлүүлсэн бөгөөд татвар төлөх, гаальд мэдүүлэхээс зайлс хийх зөрчил их байгааг ГЕГ-ын Хэрэг зөрчилтэй тэмцэх тасгийн дарга Б.Сүхбаатар онцлов.
"Монгол Улсын иргэн хадны агуйгаас олдсон монгол цэргийн шарилыг дурсгалт зүйл гэж АНУ-руу гаргах гэж байсныг илрүүлсэн.
/COVID-19/-тэй холбоотой ноцтой зөрчил илрээгүй. Амны хаалт чанар стандартыг хангасан эсэхийг шалгахын тулд зарим тохиолдолд дээж авч лабораторын шинжилгээ хийж байна. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар эрсдэлтэй бүс нутгаас шувууны мах, махан бүтээгдэхүүнийг импортолхыг түр хугацаагаар хориглосон. Зарим албан байгууллага үүнийг мэдэхгүй оруулж ирэх зөрчил гарч байна" гэв.
ГЕГ-ын харьяа 18 газрын 700 орчим алба хаагч 44 боомтод өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдварт өвчний эрсдэлтэй бүсэд ажиллаж буй гаалийн ажилчдад "Алтан трейд" ХХК-иас дөрвөн сая төгрөгний хувцас хэрэгсэл хандивлалаа.
Montsame.mn