Алтны тушаалт нэмэгдэж, гадаад худалдаа алдагдалтай гарав
Нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ
Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар төв банк пүрэв гарагт зах зээлд 17.4 сая ам.доллар нийлүүллээ. Энэ өдөр ам.доллар албан ханш аар 2755 төгрөгтэй тэнцэв. Хоёрдугаар сар гарснаас хойш валютын дуудлага худалдаагаар төв банк 126.9 сая ам.доллар арилжаад байна. Манай улсын гадаад валютын албан нөөц 2019 оны 11 дүгээр сарын байдлаар дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын донор байгууллагууд манай улсад нийт 200 гаруй сая ам.доллар олгосон. Ингэснээр валютын нөөц дээрх хэмжээнд хүрсэн юм. Харин энэ оны эхний сард гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 онтой харьцуулахад 24.4 хувиар буурав. Худалдааны алдагдал эдийн засгийн уналт тохиож байсан 2015 онтой ойролцоо гарсан бол алтны тушаалт 3.5 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 тонноор илүү буюу тав дахин өссөн үзүүлэлтэй байлаа. Алтны тушаалт ийнхүү нэмэгдсэн нь дотоодын валютын зах зээлд эерэг мэдээ байв. Төв банк долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гарагт валютын дуудлага худалдаа зохион байгуулж буй. Шинэ төрлийн вирусийн тархалтаас үүдэн цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гарч, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр валютын эрэлт ялимгүй саарч, гаднын улсыг зорих иргэдийн тоо буурч, худалдааны салбарын эргэлт удааширч байна. Тухайлбал, нэгдүгээр сард тээврийн хэрэгслийн импорт 83.5 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.4 хувиар буурчээ. Ялангуяа суудлын автомашины импортын үнийн дүн 34.7 хувиар огцом буурсан дүнтэй гарлаа. Импортыг харвал 10-аас дээш жилийн насжилттай, хуучин автомашин 57.2 хувийг, шинэ автомашин гурван хувийг бүрдүүлсэн байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээлсэн байна. Энэ хугацаанд дистрибьютер компаниуд нийт 171 ширхэг шинэ автомашин борлуулжээ.