Короновирусын халдвартай нь тогтоогдсон Франц иргэнийг Дорноговиос ХӨСҮТ-д авч ирэх гэхэд багагүй бэрхшээл үүсч бас юм юм л бодогдож байлаа. Ажилладаг компанийнх нь жип машинаар аймгаас тээвэрлэе гэхэд туслах хүн байтугай нөхөд нь ч нүүр буруулсан юм. Хотоос очсон ХӨСҮТ-ийн сорьц, шинжилгээнд зориулж тоноглосон машин хүн тээвэрлэх боломжгүйгээр битүүмжлэгдсэн тул компанийн 2 жолоочид хамгаалалтын хувцас өмсгөөд жийп машинаар нь хот руу ХӨСҮТ-д хүргэе гэхэд тэд шууд татгалзаж байсан. Мэдээж хүн хамгийн түрүүнд өөрийгөө, гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодож байгаа болохоор хоёр жолоочийн зөв ч юм шиг. Гэхдээ нөгөө талд хүн л юм хойно сэтгэлээр маш их унаж, өвчиндөө шаналан бие болон сэтгэлийн тамд уначхаад байгаа ахимаг насны Франц эрийг хараад үнэхээр сэтгэл шимширч байлаа. Ар гэрийнхэн, хоёр хүүхэд нь сэтгэл санааны гүн шоконд орж яах учраа олохгүй хүнд байдалтай байгаа гэнэ. Ийм олон хүнийг айдаст автуулж гай боллоо, эх орондоо байгаа эхнэр хүүхдээ ч зовоож байна гээд вирусээс гэхээсээ илүү санаагаар л нэлээн дордож байгаа нь анзаарагдсан. Зайлуул.....БИ МОНГОЛЧУУДАД ИХ ГАЙ БОЛЛОО, компанийн машинаар хүргүүлж нэг ч гэсэн хүнийг эрсдэлд оруулмааргүй байна, БИ ЭНДЭЭ ТУСГААРЛАГДААД ДУУСЪЯ гэж хэлэхэд нь "хүн л юмдаа” гэж бодогдон гол зурж байсаан. ХӨСҮТ өөс эмч нарын баг ирэхэд мөн л намайг энд эмчлэх боломжтой бол эндээ л тусгаарлаад эмчлүүлье, БҮХ МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛ ГУЙМААР БАЙНА гэж гунигтай хэлж байлаа. Гэсэн ч эмнэлгийн багийнхан та дахиад нэг л хоног алдахад амь нас эрсдэлд орох магадлалтай, тээвэрлэх өөр машин хүлээх хугацаа алга, таныг заавал авч явна гэснээр хот руу түүнийг яаж ийгээд авч явжээ. Сорьц, шинжилгээнд зориулж битүүмжлэгдсэн машин тул түүнийг хүчилтөрөгч аппаратаар амьсгалуулж, агаараар хангаж авч ирэв. Харин тэр МОНГОЛ ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛД БАЯРЛАЛАА гэж хэлсээр ХӨСҮТ-д ирсэн юм. Эцсийн эцэст хүн бол зүгээр л хүн байдаг юмдаа гэсэг ухаарал эрхгүй төрж байна. Ардаа хүлээж суух эхнэр хүүхэд, аав ээж ах дүүтэй бидэнтэй л адилхан хүн юм. Муугаар бодож хэрвээ ингээд нас барчихвал ар гэрийнхэн үр хүүхэдтэйгээ ч уулзаж чадахгүй явах нь гэхээр амьдрал үнэхээр богинохон юм даа.