Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-д хийсэн айлчлын үеэр дагалдсан багийн гишүүдийг тусгаарлах 14 хоногийн хугацаа өнөөдөр дууслаа.
Дэлхий даяар шинэ коронавируст халдвар тархсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас халдварын голомттой улсаас ирсэн иргэнийг 14 хоног тусгаарлахаар шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу БНХАУ-д энэ сарын 27-нд айлчилсан Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүнийг дагалдан явсан багийг тусгаарлан ажигласан. Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй нарын 10 гаруй хүн дагалдан явсан бөгөөд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул ийнхүү тусгаарлалтаас гарч байна.
Монгол Улсад ирсэн Франц иргэн шинэ коронавируст халдвартай нь батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-нд тусгаарлалтаас гарч ажилдаа орсон юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийсэн айлчлалаар, БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж, коронавирусний халдвартай хамтран тэмцэх талаар санал солилцсоноос гадна Монголын ард түмэн БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж буйг дуулгасан. Мөн ноён Си Жиньпинээр удирдуулсан БНХАУ-ын ард түмэн шинжлэх ухаанд суурилсан тэмцэл, хичээл зүтгэлийн хүчээр цар тахлыг зогсоох нь дэлхий нийтэд ч тустай үйл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ айлчлал нь БНХАУ-д шинэ коронавируст халдвар дэгдсэнээс хойших анхны төрийн тэргүүний айлчлал хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин онцолсон юм.
Montsame.mn