ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа Франц улсын иргэнд Монголын улаан загалмай нийгэмлэг сэтгэлийн дэм өгсөн захиа бичиж хүргүүллээ. Энэхүү захианд:
Танд Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олноос энэ өдрийн мэндийг хүргэж, мэндчилж байна.
"Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг” гэсэн монгол ардын үг бий.
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "COVID-19” цар тахлын халдвар 122 оронд тархаж, 125 мянга гаруй хүнд халдварлаж, 68 мянга гаруй хүн эдгэрч, эрүүл саруул болсоныг мэдээлж байна.
Бид Таныг тун удахгүй эдгэрнэ гэдэгт бүрэн итгэж байна. Хамгийн гол нь Та сэтгэл санаагаар тайван байж, дархлаагаа дэмжээрэй.
Бид бүгдээрээ нэг дэлхий дээр, нэгэн том завин дээр хамт амьдарч байгаа болохоор итгэл найдвар, тэсвэр хатуужилтай байж, хамтын хүчин чармайлтаар энэ аюулт өвчнийг ялан дийлэх болно.
Та гэр бүл, эх орноосоо хол байгаа ч энэ цаг үед Монголын эмч нар, сайн санаат монгол хүмүүс, Анд нөхөддөө итгээрэй. Бид Танд туслахыг хүсч байна.
Бид Таныг хурдан эдгээсэй гэж чин сэтгэлээсээ залбирч байна.
Танд болон Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсье!
Таныг бурхан өршөөг!
Таныг хүндэтгэсэн,
Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамт олныг төлөөлж,
ЕРӨНХИЙ НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Н.БОЛОРМАА" гэжээ.