Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд "Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах жил” болгон зарлаад байна. Судалгаагаар сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь багасч байгаа ч гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл, эрсдэлт байдалд орох тохиолдол нэмэгдэх хандлагатай гарсан гэж тус газрын дарга Э.Жавхлан ярив.
Тиймээс он гарсаар гэр бүлийн орчинд хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр багагүй ажил санаачлан өрнүүлж байгаа юм. Тухайлбал, амьжиргааны түвшин доогуур орлоготой 229 өрхийн 1132 хүүхдийн судалгааг авч, мэдээллийн бааз төвлөрүүлжээ. Үүнээс эрсдэл өндөртэй 120 өрхийн 450 гаруй хүүхдийн нөхцөл байдал, хэрэгцээг тодорхойлох, түргэвчилсэн үнэлгээ хийх үүргийг сумдад өгч, энэ ажил одоогоор үргэлжилж байгаа гэж мэдээллээ. Түүнчлэн "Номин даатгал” ХХК-тай хамтран ажиллаж, хүүхдэд ээлтэй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгожээ. Эрсдэл өндөртэй 60 өрхийн хүүхдийг гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн, өвчлөл зэрэг эрсдэл тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг тус даатгалын байгууллага төлөх боломжтойгоор гэрээлсэн байна.
Мөн "Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулж, эрх нь зөрчигдсөн хүүхдэд бүхий л талаар анхан шатны тусламж үзүүлэх нөөцийн бүрдүүлэн ажиллаж байна гэж мэдээлэв.
Montsame.mn