УИХ-ын тухай хуульд заасны дагуу сонгуулийн санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ёстой. Харин энэ хугацаанаас нэг сарын өмнө буюу энэ сарын 25-наас өмнө нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх учиртай. Гэвч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулахыг хориглосон. Тиймээс АН Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа өнгөрсөн амралтын өдөр цахим орчинд зохин байгуулсан. Улмаар энэ 21-нд дахин цахимаар хуралдаж мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхээр болсон гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ хэллээ.