ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Тусгаарлан ажиглах ажиглалтад нийтдээ 3222 хүнийг авч ажилласан. Тусгаарлан ажиглалтад өнөөдрийн байдлаар 2033 иргэн байна. Орхон аймагт өчигдөр 44 тохиолдол нэмэгдэн нийт 86 хүн байна.Бид шаардлага гарсан тохиолдолд эмч нараа сэлгүүлэн ажиллуулах төлөвлөгөөг хийсэн” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй сөрөг гарсан. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүнд шинжилгээ хийж байна.
19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 52 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Энэ сарын 22-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Онош батлагдсан 10 хүний биеийн байдал дунд зэрэг байна. Хоёр хүний биеийн байдал хүнд байсан ч одоо тогтворжиж байна.
Манай эмч CT-гээр франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүдийг үзэн таны биеийн байдал эргэн сайжирч, эмчилгээ таарч байна гээд гарахад тэрээр "Би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэж сайхан мессежийг илгээжээ. Францын иргэнийг багадаа 10 хоног эмчилж хянана” гэв.