Шинэ коронавируст халдвар бүртгэгдээд буй Итали, Тайланд улсад зорчоод ирсэн гурван иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр, "Нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд сэжигтэй 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор өнөөдөр өглөө 104 хүн ирснээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна. Мөн ХӨСҮТ-д 5, Багабаян дахь амралтад 12 хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар Алтанбулагийн хилээр орж ирсэн 3 хүнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Тэдгээр иргэн нь Алтанбулагийн хилээр орж ирсэн, Итали, Тайландад зорчсон, халуурах шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй гэж үзэж байгаа. Түүнчлэн ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. ДЭМБ-аас 560 кг-ийн жин бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдтэй ачааг хүлээн авлаа” хэмээв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "ХӨСҮТ-д энэ сарын 4-нд нэг иргэнийг тусгаарлаж шинжилгээ авахад "COVID-19” халдвар илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д хүн тусгаарлагдаагүй. Харин өнөөдөр таван хүн байна” гэв.
Оношлуурын талаар түүнээс тодруулахад, ДЭМБ, Япон, ОХУ-аас оношлуур хүлээж авсан. Бид зөв зохистой ашиглаж байна. Мөн нөөцөнд хангалттай оношлуур байгаа гэсэн тайлбарыг өглөө.
П.Хүслэнтуяа
Montsame.mn