Гашуун сухайт боомтын нүүрс тээврийн ажил эхлэхтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан зэрэг холбогдох албаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдөр уг боомтод ажиллаж байна.
Боомтоор гарахад нэн тэргүүнд шаардлагатай буюу ариутгал, халдваргүйтгэл, ажиллах хүчний хамгаалах хэрэгсэл хангасан байх шаардлагыг нүүрс тээвэрлэгч компаниудад тавьж байгаа юм. Одоогийн байдлаар 17 аж ахуйн нэгжийн 166 автомашин тээвэр хийхээр хүсэлт гаргасан байна. Үүнээс шаардлага хангасан гурван аж ахуйн нэгжийн 70 автомашин хилээр нэвтрэхэд бэлэн байгаа талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өнөөдөр өглөө 9 цагаас хойш 13 цагийн хооронд 10 автомашин БНХАУ-ын хилээр нэвтэрчээ.