Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Сайжруулсан түлшийг шинжилсэн гурван улсын лабораторийг дүнг танилцууллаа. Шинжилгээгээр, сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Сайжруулсан шахмал түлшийг ОХУ-ын "Регион Север Запад" лаборатори, БНХАУ-ын Нүүрс судлалын хүрээлэнгийн лаборатори, БНСУ-ын "SGS Korea" лабораториудад шинжлүүлсэн хариу ирснийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хуралдаанд танилцууллаа.
Тэрбээр "Сайжруулсан шахмал түлшийг үндэсний тав, гадаадын гурав, нийт найман лабораторид шинжлүүлэхэд, сайжруулсан шахмал түлш нь 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж дүгнэсэн. Тодруулбал, чөлөөт хөөлтийн зэрэг нь нүүрсний коксжих зэргийг хэлдэг бөгөөд 1-9 хүртэл түвшинтэй байдаг. Бүх лабораторийн шинжилгээгээр чөлөөт хөөлтийн зэрэг нь нэг гэсэн түвшинтэй гарсан нь коксжих зэрэг бага буюу эрчим хүчний нүүрс байна, ахуйд хэрэглэж болно гэсэн дүгнэлт бидэнд ирүүлсэн” гэв.