Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ын халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж ЭМ-ийн сайд болон олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгч, АНУ-ын элчин сайд оролцож байгаа юм.
Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески тус улсын Засгийн газраас COVID-19 цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж үзүүлж байгааг мэдэгдэв.
АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд зориулна.