УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 6-нд эхлүүлэхээр болжээ. Корона вирусийнцар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргасан байна. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил УИХ-ын Тамгын газарт өрнөж эхэлжээ.
Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.
Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж.