Улсын онцгой комиссын шуурхайн штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаадад оршин суугаа иргэдэд анхааруулж мэдээлэл өгөв. Тэрээр "Дөрөвдүгээр сарын 2, 4-нд Сөүл, дөрөвдүгээр сарын 3-нд Токио руу тусгай үүргийн онгоц нисгэж, шаардлагатай иргэдээ татаж авна. Нэг зүйлийг тодруулмаар байна. Тусгай үүргийн онгоцоор өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийг дарааллаар нь авчирна. Одоогийн нислэгийг хоёрдугаар ээлж гэж болно. Харин шинээр бүртгэл хийхгүй. Бүртгүүлсэн иргэдтэй нэг бүрчлэн холбогдож, билет авах эсэхийг нь тодруулж байна. Элчин сайдын яамд цахимаар ажиллаж, утсаар заавар зөвлөгөө өгч байгаа. Элчин сайдын яамд иргэдээ анхаарахгүй, дутуу ажиллаж байгаа зүйл байхгүй” гэлээ.
Одоогийн байдлаар 5600 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлжээ. Тухайлбал, АНУ-аас 1000 гаруй иргэн хүсэлт ирүүлсэн байна. Гэхдээ гадаадад байгаа бүх иргэнээ татаж авч чадахгүй гэдгийг УОК болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн билээ.